in the future - u will be able to do some more stuff here,,,!! like pat catgirl- i mean um yeah... for now u can only see others's posts :c
Ертөнц ба амьдралын нууцыг уран яруу тайлбарлаж, шинжлэх ухааны гайхамшгийг олон түмэнд мэдрүүлсэн хүндэт Карл Саганы "Космос" хэмээх агуу бүтээлийг бид орчуулж дууслаа. (Үнэхээр чардайсөөн)
Ном гэдэг чанга юм, тэр дундаа Космос бүр чанга юм. Бид аль чадлаараа гоё орчуулах гэж хичээн, засаж зүлгэж, хэд хэд хойшлуулсаар ийнхүү 11 сарын 9-нд буюу Саганы өдрөөр Космосын нээлтийг хийхэд бэлэн болоод байна.
Космосыг орчуулж байхад нэг зүйл байнга бодогдов. "Энэ ном чинь 1980 оны бүтээл шүү дээ. Бид 44 жил алдсан нь юутай харамсалтай. Хэрэв арай эрт орчуулагдсан бол өнөөдөр бидний харах өнцөг, шинжлэх ухааны хандлага ямар түвшинд байх байсан бол? Тэр нь нийгэмд яаж нөлөөлөх байсан бол?" гэж халаглан байлаа.
Ямартай ч Космос хэвлэгдэхэд бэлэн болсон ба монгол хүний саруул ухааныг улам тэлэх сайхан ном нэгээр нэмэгдсэнд бид туйлын баяртай байна.
Удахгүй урьдчилсан захиалга авах ба урьдчилан захиалсан хүмүүст номын нээлтийн урилга явуулна.
Мөн ташрамд дуулгахад хэвлэлийн газрын зүгээс спонсор оруулж болно гэсэн. Хэрэв та (хувь хүн эсвэл байгууллага) энэхүү шинжлэх ухааны сор бүтээлийн эхний хуудсанд өөрийгөө мөнхлөхийг хүсвэл бидэнтэй холбогдоорой. Баярлалаа.
Доржпалам - 95362087
229 - 13
2024 оны Нобелийн Химийн эзэд зарлагдлаа.
Амьдралын тулгын чулуунууд бол уураг хэмээх гайхалтай молекулууд билээ. Уургууд амьд биеийн бүхий л суурь химийн урвалыг удирдаж, чиглүүлдэг. Түүнчлэн даавар, дохио дамжуулах бодис, дархлааны биет, эд эсийг бүрдүүлэгч материалууд зэрэг амьд биеийн хамгийн чухал хэсгүүд уургаас бүтдэг. Уургыг харин 20 ялгаатай төрлийн амин хүчил босгодог.
Эдгээр амин хүчлүүдийг угсарч өөр шинэ уураг бүтээж болох юм байна гэдгийг нээсэн биохимич Дэвид Бейкэр энэ жилийн Нобелийн Химийн Шагналын талыг хүртлээ. Бейкир амин хүчлүүдийг угсарч цоо шинэ уураг гаргаж чадсан байна. Үүгээр ч зогсохгүй эм, вакцин, наноматериал, мини сенсоруудад ашиглагдах уургуудыг шинээр бүтээжээ.
Шагналын нөгөө хагасыг Google Deepmind-ийг үүсгэн байгуулагч Демис Хассабис ба түүний хамтрагч Жон Жампер нар хүртсэн. Тэд AlphaFold2 хэмээх хиймэл оюуны загварыг бүтээсэн юм. Энэ хиймэл оюуны тусламжтайгаар уургийн бүтцийг таамаглах боломжтой. 1970 оноос хойш эрдэмтэд уургийн бүтцийг таамаглахыг мөрөөддөг байлаа. 50 жилийн мөрөөдлийг харин 2020 онд энэ хоёр эрхэм биелүүлж чадсан. 4 жилийн дотор 190 орны 2 сая гаран хэрэглэгч AlphaFold-ийг ашиглан 200 сая орчим уургийн бүтцийг тодорхойлжээ. Энэ технологийн хэрэглээ асар өргөн хүрээтэй ба эрдэмтэд өдгөө антибиотикийн эсэргүүцлийг илүү сайн ойлгож, хуванцрыг задлах чадвартай энзимийг бүтээгээд байна.
Уураг байгаагүй бол амьдрал үүсэхгүй байсан. Уургуудын бүтцийг тодорхойлж, тохиромжтой уургийг шинээр бүтээх боломжтой болсон нь хүн төрөлхтний хөгжилд үнэлж үл барах хувь нэмэр юм.
209 - 3
2024 оны Нобелийн Физикийн эзэд зарлагдлаа.
Хиймэл оюуны чухал хэсэг нь хиймлээр бүтээсэн нейроны сүлжээг ашиглах машин сургалт юм. Энэ технологи нь их хэмжээний өгөгдлийг анализ хийж, тэдгээр дундаас давхардах өгөгдлүүдийг таньж, түүнийгээ дахин бүтээж чаддагаараа онцлог. Хиймэл нейроны сүлжээг хүний тархины бүтцээс санаа аван боловсруулжээ. Хиймэл нейроны сүлжээнд тархины нейронуудтай зүйрлэж болохуйц “зангилаа” (node) хэмээх нэгж бий. Зангилааг хиймэл нейрон гэж байгаа юм. Хиймэл нейрон нь дохиог хүлээн аваад түүнийгээ хувиргаж чадна. Энэ нь биологийн нейронууд авсан дохиогоо бусад эсүүд рүү дамжуулдагтай төстэй ажилладаг. Түүнчлэн синапс буюу биологийн мэдрэлийн эсийн холбооснуудтай зүйрлэж болохуйц холбоосоор хиймэл нейронууд нэг нэгэндээ нөлөөлдөг. Хүмүүс бид суралцах үед зарим синапс холбоос хүчтэй болж, зарим нь сулрах процесс явагддагтай ижил хиймэл нейронууд ч бас хүчтэй ба сул холбоос үүсгэдэг. Эдгээр хиймэл нейронуудын холбогдох бүтэц ба загварыг хөгжүүлснээр хиймэл оюун буюу машин сургалтыг явуулах боломжтой болдог.
Энэ жилийн Нобелийн Физикийн шагналыг 1980 оноос хойш хиймэл мэдрэлийн сүлжээтэй холбоотой судалгааг явуулж, чухал нээлтийг хийсэн Америкийн физикч Жон Хопфилд ба Англи-Канадын компьютерын шинжлэх ухаанч Жеффри Хинтон нар хүртсэн юм.
Товчхондоо Хопфилд нь өгөгдөл дундаас тодорхой загварыг хадгалж түүнийгээ дахин бүтээх чадвартай сүлжээг бүтээсэн. Харин Хинтон нь Хопфилдийн сүлжээг улам хөгжүүлж өөр загваруудыг таних чадвартай болгожээ.
Эдгээр эрхмүүдийн суурь судалгаа нь өнөөдрийн хиймэл оюуны тэсрэлтийн дарь нь болсон гэхэд хилсдэхгүй. Харин хиймэл оюун нь технологийн хөгжлийг хэрхэн бадрааж байгааг та бид харж байгаа билээ.
144 - 0
2024 оны Нобелийн Физиологи, Анагаах ухааны шагналын эзэд зарлагдлаа.
Удамшлын буюу генетик мэдээллийн дагуу эсүүд үйлдвэрлэгддэг. Энэхүү мэдээлэл эсийн цөм буюу бөөм дотор орших ДНХ хэмээх онцгой молекул дээр бичээстэй бий. ДНХ-д агуулагдах генетик мэдээлэл нь “транскрипц” хэмээх процессын хүрээнд мэдээлэгч РНХ буюу мРНХ-гийн тусламжтайгаар зөөгдөж, тодорхой эсийн бүтцүүдэд хүргэгдэж, шаардлагатай уургууд үйлдвэрлэгддэг.
Бидний бие, эрхтнүүдийг бүтээх эс бүхний цөмд ижилхэн ДНХ мэдээлэл байдаг. Гэтэл эсүүд олон янз. Булчингийн эс, мэдрэлийн эс, цусны эс гэх мэт. Эдгээр эсүүдийн уургийн бүтэц нь ялгаатай. Тэгвэл ижилхэн ДНХ мэдээллийг агуулах атлаа яаж ингэж өөр төрлийн эсүүд бүрэлдэн цогцлоо вэ? Энэ тун сонирхолтой асуулт. Харин хариулт нь тухайн төрлийн эсэд тодорхой бүлэг генийг идэвхжүүлэх үүрэгтэй нарийн механизм ажиллаж байгаа явдал ажээ.
Энэ хариултыг олсон эрдэмтэд болох Виктор Эмброс ба Гэри Равкан нар энэ жилийн Нобелийн шагналыг хүртлээ.
Тэд гений зохицуулгад чухал үүрэгтэй шинэ төрлийн бяцхан РНХ молекулын бүлэг болох “микро РНХ”-г нээжээ. Эдгээр бяцхан молекулуудын бие жижиг ч бэлчээр нь том юм. Тэд хувьслын механизмын чухал түлхүүр ба гений зохицуулгын гол тоглогч нар аж.
Генийг зохицуулах механизмыг бид сайтар судлах хэрэгтэй. Учир нь хэрэв гений зохицуулга буруу ажиллавал хорт хавдар, чихрийн шижин, дархлааны системд асуудал үүсэх зэрэг сөрөг үр дагаврууд үүсэж болдог. Тиймээс бид энэ сэдвийг сайтар судлаж байж амьд организмыг илүү гүн ойлгоно. Эмброс ба Равкан нарын ачаар хүн төрөлхтөн нэг том алхам урагшиллаа.
169 - 0
Сансарт ойртуулах “SpaceCon 2024” арга хэмжээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл: unread.today/c/insight-spacecon-everything
51 - 1
Карл Саганы Космос номын нээлт SpaceCon дээр хийгдэж амжихгүй болсныг харамсалтайгаар мэдэгдэж байна.
11 сарын 9-нд буюу Кар Саганы өдрөөр нээлтээ хийнэ.
52 - 2
Харийн соёл иргэншил, Ферми парадокс, Кардашевийн хэмжээс, Дайсоны бөмбөрцөг бас бус…
Сансар сонирхогчдод зориулсан SpaceCon арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.spacecon.space вебсайтаас аваарай!
84 - 2
🛰️ SpaceCon 2024 илтгэгчдээ танилцуулж байна:
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү
Сансрын тусгаар тогтнол хаанаас эхлэх вэ? Манай Монгол Улс үндэсний хиймэл дагуул бүтээх мега төслийн төлөвлөгөөг гаргаад байна. Энэ тухай салбарын сайд дэлгэрэнгүй илтгэл тавина.
Сансар сонирхогчдод зориулсан SpaceCon арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.spacecon.space вебсайтаас аваарай!
44 - 0
🛰️ SpaceCon 2024 илтгэгчдээ танилцуулж байна:
ONDO SPACE хамтран үүсгэн байгуулагч, мэдээлэл хариуцсан захирал, МУИС-ийн дэд профессор Д.Эрдэнэбаатар.
Монголын анхны сансрын технологийн хувийн компани болох ONDO SPACE хоёр ширхэг нано хиймэл дагуулыг амжилттай хөөргөсөн билээ. Тэгвэл энэ амжилтын цаана ямар адал явдал, түүх байгаа вэ?
Сансар сонирхогчдод зориулсан SpaceCon арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.spacecon.space вебсайтаас аваарай!
56 - 1
Харанхуйг шинжлэх ухаанаар гэрэлтүүл!